Эрх зүй

Оршуулгын салбарын өнөөгийн эрх зүйн орчин

Монгол улсад оршуулгын үйл ажиллагаа, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулсан бие даасан хууль байдаггүй бөгөөд Монгол улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт оршуулгын газрын зохицуулалт, үйл ажиллагааны менежментийн асуудлыг зохицуулах эрхийг олгосон байдаг.

Үүний дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх журам”-ыг баталсан байдаг ба энэхүү журам нь нийслэлийн нутаг дэвсгэр дэх оршуулгын үйл ажиллагаа, түүнийг эрхлэхэд тавигдах шаардлага, оршуулгыг зохион байгуулах, оршуулсан шарилыг шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм. Бусад аймаг, орон нутгийн хувьд тухайлсан журам, зохицуулалт одоогоор гараагүй байна.

Харин дээр дурдсан журамд хамаарахгүй нэг ойлголт болох хэн болох нь тодорхойгүй, хэн болох нь тогтоодсон боловч нас барагчийн хамаарал бүхий этгээд байхгүй шарил (цогцос)-ыг хадгалах, тээвэрлэх, оршуулах үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Зарим цогцос оршуулах журам”-аар зохицуулж байна.

Оршуулгын газрын эрүүл ахуй талаас Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/406 дугаар тушаалын 7 дугаар хавсралтаар “Оршуулгын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийг, оршуулга түүнд хамаарах үйл ажиллагаанд “Оршуулгад хамаарах үйлчилгээ” MNS 6841:2020 стандартыг тус тус мөрдлөг болгон ажиллаж байна.

Журамтай танилцах