Халхын Богд Жавзандамба хутагтын лагшинг суваргалан үүрд тахиж ирсэн түүхээс

Бурханы шашны хутагт, хувилгааны лагшинг үүрд тахин дээдлэхийн тухайд шарилыг суварганд залах, занданшуулах зэрэг зан үйл үйлдэж байжээ. Халхын шарын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын I-VIII дүрийн жанч халсан болон лагшинг суварганд залсан, хойдын буянг хэрхэн үйлдэж байсан түүхийг өгүүлэх баримт Монгол улсын Үндэсний Төв Архивын сан хөмрөгт цөөнгүй үлдэж хоцоржээ.

Түүхийн баримтаас харахад Халхын шарын шашны тэргүүн I-VIII дүрийн Богд Жавзандамба хутагт нарыг жанч халсны хойно шарилын сүм, суварга үйлдэж, одоогийн Гандантэгчинлин хийд, Амарбаясгалант, Шажныг бадруулагч хийд /Дамбадаржаа/ зэрэг “маш адистад шүтээн” бүхий газарт үүрд шилжүүлэхгүй болгон залж, тахин дээдэлж ирсэн байна.

Их Хүрээ Туул голын эрэгт нүүн ирж суурьсан жил буюу 1788 онд Халхын Хүрээний хамба номон хан зэрэг лам нар Жавзандамба хутагтын шарилыг үүрд шилжүүлэхгүй тахиж байх тухайд Тэнгэрийн тэтгэсэн хаанд айлтгал өргөж, Манжийн хаан зарлиг буулган үүнийг ёсоор болгожээ. Энэ нь 2, 3-р дүрийн хутагтын нас богино болсон, мөн Халхын нутагт ган зуд тохиолдсон явдалд Хүрээний хамба номон хан Жамбалдорж өөрийн биеэр Далай лам, Банчин эрдэнэ нарт биеэр бараалхаж, учрыг айлтгасанд Далай лам, Банчин эрдэнэ нар үүний тухайтад хутагтын шарилыг нэгэн сайн газар олж, үүрд шилжүүлэхгүй тахих нь зүйтэй хэмээсэн лүндэн буулгасанд Халхын хан, ноёд, лам хуврагууд хэлэлцээд үүнийг Манжийн хаанд айлтгасан хэрэг явдлаас үүдэлтэй ажээ. Энэ тухай баримтанд:

 

“… мэхийж санаваас, урьд төрлийн хоёр хутагтын хувилгааны нас богино болсон ба, халхчуудын нутаг дотор басхүү ган зудад дайрлдах нь юуны шалтгаан хэмээн тус тус таамаглан сэжиглэж санаад, урьжинан жил хамба номон хан агсан Жамбалдорж баруун зууд очихуй дор үүнийг Далай лам, Банчин эрдэнэ, лам чойжин нарт үзүүлсэнд, хамба номон хан агсан Жамбалдорж хойш ирээд авчирсан Банчин эрдэнэ нарын хариу өгсөн бичигт, хутагтын шарилыг аливаа сүм ба мөргөл тахилын оронд залж аль амраар оршуулан тахибасу сайн хэмээн сургаж өгсөн бичгийг эдүгээ хадгалжухуй, үүнийг дөрвөн аймаг чуулган нийлэхүй дор тогтоон хэлэлцээд айлтгагхыг гуйя хэмээн санасан бөлгөө, эдүгээ Богд эзэн гэгээнээр айлтгаж, боолчуудад гайхамшигт зарлиг буулгасан нь, өчүүхэн халхчуудын лам хар нарыг эелдэн өршөөсөн туйлын хишиг үнэхээр нийтээр гүйцэтгэв хэмээх байтугай, Банчин эрдэнэ нарын хариу өгсөн бичигт давтай нийлжүхүй, боолчуудад өчүүхэн ч сэжиглэх зүйл үгүй, мөнхүү дахин Баруун зууд гуйн үзүүлэхийг хэрэглэхгүй, зүй нь Манзушир богд эзний гэгээний зарлигыг оройд шүтэж хичээнгүйлэн дагаж хутагтын шарилыг сайн газрыг эрж үүрд шилжүүлэхгүй болгон тахисугай, гагцхүү Жибзундамба хутагт хэмээгч, дөрвөн аймгийн бүгдээр тахисан лам, гурван төрлийн шарилыг сайн газар эрж үүрд шилжүүлэхгүй болгон тахих нь, олон халхчуудын урьдын ихээхэн хэрэг, эдүгээ хэдийбээр Ивэнгийн газарт байгуулсан Амарбаясгалант сүм Туул голын Сэлбэд байгуулсан Шажныг бадруулагч сүм, Хан уулын өвөр дор урьдах төрлийн Дүйнхор хутагтын байгуулж, Жибзундамба хутагт дор өргөсөн сүм буй боловч, хутагтын гурван төрлийн шарилыг эсвээс гурван сүмд хуваан залж тахих ба, эсвээс нэгэн сүмд залж тахих явдлыг эрхгүй дөрвөн аймгийн хан, ван, гүн нар бүгдээр нийлж бидэн лугаа тогтоон хэлэлцэж, шийтгэх болхул, хойч өдөр баттай бөгөөд хэн хэн дор цөм тустай, эдүгээ манай хэдэн хүний төдийгөөр даруй мэдэмхийлэн шийтгэхүй дор бэрхийн тулд, олдвоос дөрвөн аймгийн хан, ван, гүн нарыг энэ зуны дунд сард, Хүрээнд чуулган нийлж бүгдээр нэгэн газар зөвшөөн тогтож хэлэлцээд зарлигыг дагаж үүрд хэлэлцүүлэхгүй болгон тахих явдлыг тухай дор жанжин, ван, амбан дор мэдүүлж зарлиг гуйн айлтгаваас болох үл болох явдлыг заах ажаамуйй хэмээн өргөжүхүй, боолчууд байцааваас, Жибзундамба хутагт хэмээгч язгуураас дөрвөн аймгийн бүгд халхчуудын тахьсан лам, Хүрээний аливаа хэрэгт язгуураас цөм, хан, ван, гүн нар бүгдээр чуулган нийлж хэлэлцээд тогтоомуй, Тэнгэрийн тэтгэсний 43-р он зуны тэргүүн сарын шинийн долоон …

гэх зэргээр өгүүлсэн байдаг.

Ингэж монголчуудын санаачилгаар анхдугаар Богд Занабазарын шарилыг Амарбаясгалант сүмд, 2, 3-р дүрийн шарилыг Шажныг бадруулагч сүм (Дамбадаржаа хийд)-д залж, суварга үйлджээ. Архивын баримтанд өгүүлснээр анхдугаар Богдын шарил суваргыг Амарбаясгалант сүмийн дотор бүхий хутагтын гэрийн төв гол дунд тавьж, хоёр, гуравдугаар дүрийн шарил суваргыг Шажныг бадруулагч сүмийн газар шинэ гэр барьж, тахин шүтэж байжээ.  Үүний тухай түүхийн эх сурвалжид:

…Дээдийн зарлигийг хичээнгүйлэн дагахын учир, мөнөөхөн боолчуудын газраас Хамба номон хан Цэвээндоржийн зэрэг лам нар, Жибзундамба хутагтын шарилыг нэгэн сайн газар эрж, үүрд шилжүүлэхгүй тахихын учир буулгасан өршөөлт зарлигийг хүлээн авч, дөрвөн аймгийн хан, ван, гүн нар Хүрээнд чуулган нийлж тогтоон  хэлэлцье хэмээн ирснийг айлтгасан билээ, эдүгээ Түшээт хан Цэдэндорж, ван Чивагдорж, Сэцэн хан Цэвдэнжав, бэйс Дарь, Сайн ноён ван Норовжав, засаг нарыг авч, Хүрээний хамба номон хан Лувсантүвдэнванчуг, Шанзодба Дэмчигжав нар бүгдээр нийлж хэлэлцээд, боолчуудад өргөсөн нь, байцааваас, Ивэнгийн Амарбаясгалант сүм, Сэлбийн Шажныг бадруулагч сүм цөм Богд эзэн хишиг хүртээж, дотоод цалин хүртээж үйлдүүлсэн маш адистад шүтээн бөгөөд дөрвөн аймгийн нутгаас асар холгүй, олдвоос агсан дүрийн Жибзундамба хутагтын шарилыг Амарбаясгалант сүмд залж тахисугай, хоёр дугаар, гурав дугаар дүрийн шарилыг Шажныг бадруулагч сүмд залж тахисугай, хутагт гурван дүрийн шарилыг залж хүргэхүйд ноёдод сул бүхүй алба үгүй хан, ван, гүн, засаг нарын харъяанд үдүүлсүгэй, аравнай үйлдэж, үүрд тахисугай, гурван дүрийн хутагтын шарил оршуулах суварга үйлдэх ба сүм гэр хийхэд манай дөрвөн аймгийн өглөгийн эзэд өөр өөрийн дураар хүчин гаргаж туслая хэмээн өргөжүхүй, боолчууд бас хамба номон хан Цэвээндорж нарт энэ хоёр сүмд хутагтын гурван дүрийн шарилыг хувааж тахихад сүмийн дотор аль газарт тавих ба эсвээс өөр гэр үйлдэж тахих, хэзээ шилжүүлэн тавих зэрэг явдлыг дахин тушааж хэлэлцүүлсэнд, хамба номон хан Цэвээндорж нарын өргөсөн нь, байцааваас Амарбаясгалант сүмийн дотор, хойтод хутагтын суух нэгэн гэр буй, гагцхүү энэ сүмийн газар хойт дор ойр гуравдугаар дүрийн хутагт ер очиж завдсангүй, хоёрдугаар дүрийн хутагт хэдийгээр хоёр удаа үзсэн боловч цөм сүмийн хажууд хэрмийн дотор Монгол гэр барьж түр суугаад буцаж хойш ирсэн, ер байшин гэрт суусан явдалгүй, эдүгээ даруй хутагтын хувилгааныг залж ирсэн хойно хэрэв Ивэн сүмд очих болвоос, мөн Монгол гэр барьж, түр хэдэн өдөр суугаад даруй хойш Хүрээнд ирмой, энэ газрыг урьжнан сүмийг засахуйд мөн хамтаар шинэтгэн зассан, эдүгээ гагцхүү хутагтын ширээ тавьжухуй, олдвоос агсан дүрийн хутагтын шарил суваргыг даруй энэ гэрт төв гол дунд тавьж, үүрд тахисугай, хоёрдугаар, гуравдугаар дүрийн хутагтын шарил, суваргыг Шажныг бадруулагч сүмд тахихиуй дор сүмийн дотор эдүгээ буй хутагтын суух гэрт хутагтын хувилгаан ирж мөнхүү суухын тулд энэ гэрийг хэвээр сул агуулж, хутагтын суухад бэлтгэсүгэй

гэжээ.

Ийнхүү Тэнгэрийн тэтгэсний 43-р (1788) оноос хойш Халхын шарын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагт нарын лагшинг цөм суварганд залж, үүрд шилжихгүй болгон, тахиж ирсэн байна. Энэ тухай:

“…урьд хоёрдугаар, гуравдугаар дүрийн Жибзундамба хутагт шарилыг цөм зарлигаар үйлдүүлсэн Шажныг бадруулагч сүмийн газарт шилжүүлж, үүрд шилжихгүй болгож тахисан бөлгөө … зургадугаар дүрийн шарилыг хуучин ёсоор суварганд агуулж, даруй шинэ байгуулсан гэрт шилжүүлж, урьд Тэнгэрийн тэтгэсний 43-р онд буулгасан өршөөлт хишиг зарлигийг хичээнгүйлэн дагаж үүрд шилжүүлэхгүй болгож тахиулбаас болох үл болох явдлыг сайдуудын газраас уламжлан зарлигыг гуйж айлтгаваас болох ажаамуу хэмээн өргөжүхүй

хэмээн тэмдэглэжээ.

Их Хүрээнд Тэнгэрийн тэтгэсний 43-р оны зуны дунд сарын 20-нд Халх дөрвөн аймгийн чуулган нийлж, дээрхийн гуравдугаар дүрийн гэгээний шарилд суварга үйлдүүлэх 2500 лан мөнгийг хутагтын шавь ба дөрвөн аймаг хоёр хуваан гаргахаар шийдвэрлэж байсан аж

Халхын шарын шашны тэргүүн Жавзандамба хутагтын дөрөвдүгээр дүрийн шарилын суваргыг Сайшаалт ерөөлтийн 21-р (1816) онд Амарбаясгалант хийдэд залсан бол 22-р онд Өндөр гэгээний сүмийг шинэтгэн барьсан байна. Мөн “Сайшаалт ерөөлтийн 21-р (1816) оны зуны дунд сард дөрөвдүгээр дүрийн шарилын суваргыг Амарбаясгалант хийдийн газар залж бүхүйд хамт залсан судар, бурхан ба тахилын эд сэлтийг жагсаан бичсэн данс (суварганы сүншигт оруулбаас болох хэмээсэн юм хамт буй)” хэмээсэн нэгэн зүйл бүртгэл байна. Эндээс харахад, Жавзандамба хутагтын лагшинг суварганд залахдаа түүний хамт судар, бурхан, тахилын эд зүйлийг өргөх зан үйл үйлдэж байжээ.

Үндэсний Төв Архивт буй “Төр гэрэлтийн 23-р (1843) он зуны цаг Тэнгэрийн гэгээнээ тавдугаар дүрийн шарилыг суварганаа залаад дөрвөн аймаг, шавьтай нийлж наадам бэлэглэхүйд хэрэглэх эл зүйлийг зохихыг үзэж хуваасан данс, “Түшээт хан да жанжин хэбэй нараас зургадугаар дүрийн суварганд бөх морын тахил өргөх явдлыг сайдууд Танаа мэдүүлэх бичигт тамга дарж хүргүүлэв, түүгээр гүйцэтгэн шийтгүүлж мэдүүлсүгэй хэмээн ирсэн захиа (1851)” зэрэг баримтаас үзэхэд Жавзандамба хутагтын лагшинг суварганд залсан үйл явдлыг тохиолдуулан Халх дөрвөн аймаг, шавь таван газар нийлэн наадам хийж, тахил өргөх уламжлал байсан ажээ.

Жавзандамба хутагтын лагшинг суварганд залах зан үйлийг ихэвчлэн шинэ сарын шинийн сайн өдрүүдийг тохиолдуулан гүйцэтгэж байсан бололтой. Тухайлбал, Халхын Цэцэрлэгийн чуулган даргаас засаг Бумтарт тушаан илгээсэн нэгэн бичигт:

“…Мөнөөхөн Хүрээний сайд бэйсийн газраас тушаан хүргэж ирсэн бичигт, тушаан явуулахын учир, энэ жил 8 сарын 11-нд манай газраас хуудас хавчуулж, айлтгасан нь, мөнөөхөн Халхын 4 аймгийн чуулган дарга нар, туслах жанжин, Хүрээний хамба номон хуан Дорж нарын газраас, Жибзундамба хутагтын шарилыг суварганд агуулах өдөр тогтож мэдүүлэн ирсэн явдлыг хичээнгүйлэн айлтгасан бөлгөөэдүгээ Халхын олон хан, ван, бэйс, гүн, засаг, Хүрээний хамба номон хан Дорж нарыг авч, Жибзундамба хутагтын шарилыг энэ 8 сарын шинийн 6-нд шинэ үйлдсэн сүмд шилжүүлж, суварганд агуулж, үүрд шилжүүлэхгүй болгож, аравнайлж тахиулжухуй, үүнийг сонсгон айлтгав, Тэнгэрийн тэтгэсний 22 дугаар он, арван нэгэн сарын хорин есөн

гэжээ.

Эндээс харахад, Жавзандамба хутагт жанч халсны дараа шарилыг суварганд агуулах сар, өдөр, цаг зэргийг Хүрээний хамба номон хан нарын зэрэг шашны асуудал эрхэлсэн газраас тогтоон гаргаж, дээд газраа уламжлан айлтгах явдал ХХ зууны эхэн хүртэл уламжлан ирсэн байна. Үүний тодорхой жишээ нь VIII дүрийн Богд Жавзандамба хутагтыг жанч халсан хойно шарилын сүм, суврага үйлдэн Гандантэгчинлин хийдэд залсан явдал юм.

Архивын баримтанд тэмдэглэснээр VIII Богдын бие 1923 оны сүүлчээс чилээрхэж, зурхайч, төлөгч, мэргэч, лам хуврага нар ганжуур эргүүлэх, түмэн гэлэнгийн хайлан хуруулах зэрэг зүйл бүрийн гүрэм уншиж, аврал эрсэн хэдий ч хааны лагшин илааршилгүй 1924 оны 4 сарын 17-ны өдрийн барс цагт жанч халсан ажээ. Энэ тухай Жавзандамба хутагтын шавийг захирах яамнаас 1924 оны 5 сарын 1-ний өдөр Ардын Засгийн газарт бичиг өргөн мэдүүлсэн байдаг.

Ардын Засгийн газар Богд хаан жанч халсан тухай мэдээг хүлээн авсны дараа яаралтай хуралдаж, ёслол зэргийг хэрхэн гүйцэтгэх явдлыг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд,

  • Хутагтын шарилыг хэзээ, хаана, хэрхэн залах зэрэг явдлыг харъяат хамба, шанзудба нарын газраас эрхлэн гүйцэтгэх
  • Хутагтын хойтын буян номын үйлд улсаас 3000 лан гаргах
  • Олон яам, албаны газрууд 3 өдөр аливаа албан хэрэг шийтгэхгүй байх
  • Олон нийтээр 21 хоног баяр цэнгэл үйлдэхгүй бэлэвсрэх ёсыг гүйцэтгэх
  • Шарилыг залах өдөр цэрэг жагсаан ард олноор их ёслолыг явуулах
  • Хааны тамга өргөмжлөлийг Засгийн газраа шилжүүлэн залах

зэрэг болно.

Олноо өргөгдсөний арван дөрөвдүгээр он  4 сарын арван долоон бөгөөд таван сарын хорины өдөр, Ардын засгийн газраа хурлын олон гишүүд хуралдаж зөвлөлдөн тогтоосон арван тавдугаар хурлын бичигт:

Нэгдүгээр зүйл: Бидний улсын Богд хаан Жибзундамба хутагт энэ оны дөрвөн сарын арван долооны барс цагт нэгэнтээ таалал төгссөн учраа, одоо ёслол зэргийг хэрхэн гүйцэтгэх явдлыг хэлэлцээд,  гүнчүгийн хурал номын зүйл ба, шарилыг хэзээ, хаана, хэрхэн залах зэрэг явдлыг харъяат хамба шанзудба нарын  газраас эрхлэн гүйцэтгэхээс гадна,  энэ өдөр улсын сангаас нэгэнтээ  мандал өргөсөн ба тушаан өргөхөөр тогтсон боловч завдсангүй тул одоо улсын сангаас гурван мянган лан гаргаж, гүнчүгийн хурал номд оролцуулан гүйцэлдүүлэх ба олон яам албаны газрууд маргаашнаас эхлэн гурван өдрийн албан хэрэг шийтгэхгүй олон нийтээр хорин нэгэн хоног баяр цэнгэл үйлдэхгүй бэлэвсрэх ёс-ыг гүйцэтгэх ба дараа шарилыг залах өдөр цэрэг жагсаан ард олноор их ёслолыг явуулах, басхүү хааны тамга өргөмжлөлийг засгийн газраа шилжүүлэн залж, улсын их хурал хуралдахын инар улсын дээд эрхийг Ардын Засгийн Газраа түр хадгалваас зохих явдлыг Дотоод Явдлын Яамнаас эрхлэн гүйцэтгэж нийтээр зарлан даган явуулахаар тогтоов

хэмээсэн байдаг.

Ийнхүү Халхын шарын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт жанч халсны дараа монголчууд нийтээр 21 хоног бэлэвсрэх ёсыг гүйцэтгэн, ямар нэгэн баяр ёслол хийхгүй, Богд гэгээний хойтын буянд хурал ном айлджээ.

Монгол Ардын Засгийн газар, МАХН-ын Төв Хороо буюу тухайн үеийн төр, засгийн удирдлагууд Богд хааны лагшинг хэзээ, хаана, хэрхэн залах, ёслол үйлдэх зэргийг хэрхэн гүйцэтгэх явдлыг “онц хүндэтгэн үзэж” байжээ.

Тухайн үед Засгийн газраас заан тушаасны дагуу Жавзандамба хутагтын шавь нарыг захирах яам, дөрвөн аймаг, Засгийн газрын зэрэг төлөөлөгч нар Богдын шарилыг суваргалан хойт дүрийг тодруулах тухай хэлэлцээд Монгол улсын 14-р (1924) оны зуны сүүл сарын 13-нд тусгай тогтоол гаргажээ. Уг тогтоол ёсоор Богд гэгээний шарилыг Гандантэгчинлингийн газарт урьд тавдугаар, долдугаар дүрийн шарилын адилаар суварга сүм үйлдүүлж залах явдлыг одооноос идэвхийлэн үүсгэн шийтгэх ба үүнийг харъяат хутагтын шавь нарыг захирах яамнаас эрхлэн гүйцэтгэн шийтгэхээр болжээ.

Шавь яам, дөрвөн аймаг, Засгийн газрын зэрэг төлөөлөгч нараас Богдын шарилыг суваргалан хойт дүрийг тодруулах тухай хэлэлцэн тогтоосон тогтоолд:

Монгол улсын арван дөрөвдүгээр оны зуны сүүл сарын арван гуравнаа, Жибзундамба хутагтын шавь нарыг захирах яамны газарт Нийслэл Хүрээний Хамба, цорж, Шанзудба, Да лам, түшмэд, чойжин, сойвон, донир, дөрвөн аймгийн яамнаас гаргасан төлөөлөгч нар ба мөн шавьд суугаа Засгийн газрын төлөөний түшмэдийн хамт нийлж, мөнөөхөн Засгийн газраас заан тушаасан ёсоор Жибзундамба хутагтын гүнчүг буян үйлдэх ба шарилыг суваргалах, дараа дүрийн хувилгааныг тодруулах зэрэг явдлыг төлөвлөн хэлэлцэхүй дор, аймаг шавийн хадгалсан хуучин дансыг үзвээс урьд дүрийн Жибзундамба хутагтыг жанч халсны удаа бүр харъяат газраас зохих газраа мэдүүлж уламжлан айлтгаад, Баруун зуугийн газар гүнчүг буян үйлдэх ба … жич шарилыг суваргалж залаад наадам үйлдэж явсан зэрэг явдлыг өөр өөрийн аймгийн хуралаар хэлэлцүүлэн тогтоолгож гүйцэтгүүлэх ба, шарилыг Гандантэгчинлингийн газраа урьд тавдугаар, долдугаар дүрийн шарилын адилаар суварга сүм үйлдүүлж залах явдлыг одооноос идэвхийлэн үүсгэн шийтгэх явдлыг хуучин одоогоор харъяат хутагтын шавь нарыг захирах яамнаас эрхлэн гүйцэтгэн шийтгэхээр тогтож урьд дүрийн эл гүнчүг буяны тухай зарцуулсан зүйлийн дансыг тусгай сийрүүлэн хамтаар Засгийн газраа өргөн мэдүүлжхэрхэн заан тушаахыг дагаж гүйцэтгэе, шинэ дүрийн хувилгааныг тодорсон даруйд хуучин угтвар тахиулах явдлыг үүгээр чуулган агуулж хэлэлцэн тогтоосугай хэмээн бүгдээр санаа нийлэлцэн хэлэлцсэн тул, эл тогтоол бичигт уг хуралд орсон хүмүүс гарын үсэг зурж батлаад шавь яамнаас эх бичиг шийтгэж зохих газраа мэдүүлэхээр тогтов

гэжээ.

Энд бичсэнээр VIII Богд жанч халсны дараа шарилын сүм, суварга үйлдэх явдлыг Монгол улсын 14-р (1924) он зуны сүүл сараас эхлүүлжээ.

Богдын шарилыг суваргалах, сүм үйлдэх тухайтад Халхын аймаг, шавьд хадгалж буй хуучин данс бичгийг шүүрдэн үзсэний үндсэн дээр хуучин ёсоор үйлдэх тухай саналыг Засгийн газарт айлтгажээ. Шавь яамны тогтоолыг үндэслэвэл,

  • Урьд дүрийн Жавзандамба хутагтыг жанч халсны тухай бүр харъяат газраас зохих газраа мэдүүлж уламжлан айлтгаад, Баруун зуугийн газар гүнчүг буян үйлдэх ба Далай лам, Банчин эрдэнэ дор айлтгадаг
  • Эл зүйлийн бэлтгэлийн мөнгөнд дөрвөн аймгийн ноёдын пүнлүүгээс 3 түмэн лан, харъяат хутагтын сангаас эд мөнгө нийлж 4 түмэн лан, дөрвөн аймгаас шарил суваргалахад 500 лан, басхүү аймаг бүрээс 10 сав цай гаргаж шарилд тахил өргүүлэн гүнчүг хурал гороолох, мөн их санд аймаг бүрээс нэг зуун сав цайг гурван жилийн дотор гүйцээн тушаадаг
  • Гэгээний шарилыг суваргалж залаад наадам үйлдэж явсан зэрэг явдлыг өөр өөрийн аймгийн хуралаар хэлэлцүүлэн тогтоолгож гүйцэтгүүлэх
  • Жавзандамба хутагтын урьд дүрийн гүнчүг буяны тухай зарцуулсан зүйлийн дансыг тусгай сийрүүлэн хадгалах

зэрэг уламжлал байжээ.

VIII Богдын лагшинг чухам хэдийд Гандан хийдэд залсан, ямар ёслол үйлдэхээр тогтсон зэрэг учрыг тодруулж болох хоёр сонирхолтой бичгийг олж үзэв.

Нэгд, Гишүүн Цэрэндорж нараас Шашны хэргийг эрхлэх газраас Богд хааны шарилыг Гандантэгчилэн ордны газар залах ба өдрийг сонгож мэдүүлснийг уг бичгийг хүргүүлэн эл хэргийг нэн даруй заан шийтгэмү хэмээн мэдүүлсэн 262 тоот хуудас /бичиг/-т:

Гишүүн Цэрэндорж нараас, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооноо хуудас дагуулан өргөн лавлах учир, эдүгээ Шашны хэргийг эрхлэх газраас, Очирдара Богд гэгээний шарилын сүм суваргыг үйлдүүлэн төгссөний дээр, сүншигийн зүйл төлөв гүйцэлдэн буй тул, одоо шарилыг энэ он хуучин улирлын өвлийн тэргүүн сарын арван дөрвөн бөгөөд арга улирлын арван нэгэн сарын хорин есний өдөр луу цагт Гандантэгчилэн ордны газар залахаар тогтсон зэрэг учрыг гаргаж, тогтоолгохыг эрж, далан тоот бичиг Засгийн газраа мэдүүлэн иржүхүй, үүнд хянаваас арван дөрөвдүгээр он дөрвөн сарын арван долооны өдөр Засгийн Газрын арван тавдугаар хурлын нэгдүгээр зүйлд, Богд хаан Жибзундамба хутагт нэгэнт таалал төгссөн учир, гүнчүгийн хурал ном ба бэлбэсрэх зэргийг тухайд гүйцэтгэн, дараа шарилыг залах өдөр, цэрэг жагсаан ард олоноор их ёслолыг явуулах зэргээр тогтоосон зүйл буй бөгөөд, одоо энэ зүйлийн хэргийг хэрхэвээс зохихыг зүй нь, урьдаар харъяат Төв хорооноо мэдүүлэн зааврыг олж, дагаж гүйцэтгүүлвээс зохихын тулд уг бичгийг хүргүүлэн үүнийг Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооноо өргөн мэдүүлээд, олдвоос дээр дурьдсан эл хэргийг хэрхэвээс зохихыг сурган зааж гүйцэтгүүлэх ажаамуу үүний тул өргөв, арван тавдугаар он, арван нэгэн сарын хорин зургаан, гишүүн Цэрэндорж

гэжээ.

Хоёрт, Засгийн газраас, Богд гэгээний шарилыг сонгосон өдөр уул ордонд залахаар баталж, зохих газар явуулаад, байцаан үзүүлье хэмээн ирсэн 1289 тоот хуудас /бичиг/-т:

Монгол Ард Улсын Засгийн газраас, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооноо хуудас явуулахын учир, энэ арван нэгэн сарын хорин долооны өдөр … Эрхлэх товчооны нэг зуун дөчин дөрөвдүгээр хурлын зургадугаар зүйлд Монгол Ард улсын Шашны хэргийг эрхлэх газраас, Богд гэгээний шарилын сүм, суварга үйлдүүлэн төгссөний дээр сүншигийн зүйл төлөв гүйцэлдэн бүрдэж бүхий тул, одоо шарилыг энэ он хуучин улирлын өвлийн тэргүүн сарын арван дөрвөн бөгөөд, аргын улирлын арван нэгэн сарын хорин есөнд Гандантэгчилэн ордны газар залаад, чухам аль өдөр суварганд залах явдлыг дараа өөр сонгон үзэж гүйцэтгэвэсү болох эсэхийг толилон тогтоож заан тушаахыг гуйсугай, хэмээн далан тоот бичиг хүргэж ирсэн хэргийг хэлэлцээд, эл хэрэгт харъяат газрын энэхүү төлөвлөсөн нь зүйтэй учир ёсоор болгон баталжхойш явуулж гүйцэтгүүлэхээр тогтов хэмээжүхүй, иймийн тул үүнийг Монгол Ард Улсын Шашны хэргийг эрхлэх газар явуулаад дурьдсан хурлын тогтоолын ёсоор гүйцэтгэсүгэй, үүнийг басхүү Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооноо явуулаад, байцаан үзүүлье, үүний тул илгээв, арван тавдугаар он арван нэгэн сарын хорин долоон, дугаар 1289

гэжээ.

Гишүүн Цэрэндорж болон Монгол Ард Улсын Засгийн газраас, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороонд өгсөн дээрх хоёр бичгээс дараах зүйлийг мэдэж болох юм. Үүнд,

  • Жавзандамба хутагт жанч халсны дараа Монгол Ард улсын Шашны хэргийг эрхлэх газар Богд гэгээний шарилын сүм, суварга, сүншигийн зүйл зэргийг хариуцан гүйцэтгэсэн.
  • Тус газраас Богд гэгээний шарилыг хуучин улирлын өвлийн тэргүүн сарын 14 бөгөөд, аргын улирлын 11 сарын 29-нд Гандантэгчилэн ордны газар залах тухай санал гаргаж, албан бичиг ирүүлснийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд уул ёсоор баталжээ.
  • Богд гэгээний шарилыг залах өдөр, цэрэг жагсаан ард олноор их ёслолыг явуулахаар тогтжээ.

Монгол улсын 14-р (1924) он өвлийн тэргүүн сарын шинийн найманд Нийслэл Хүрээний олон аймгуудаас Богд хааны шарилд лам хуврага нар мөргөж, мандал өргөжээ. Мандалын харамжийн данс бүртгэлд бичсэнээр Хүрээ 30 аймаг тус бүр мандалын харамжинд 5 лан өргөсөн байна.

Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдэд байсан Богд гэгээний шарилын суварга хожим чухам яасан тухай “… Монголд улаан Оросын нөлөө ихсэж, социализмын үзэл суртал гаарч байх үед Гандан хийдэд орос цэргүүд байрлаж, тэнд байсан сүм хийд, бурхан тахил сүйтгэгдсний дотор VIII Богд хааны шарил орсон юм. Монголчуудын яриагаар Ганданд байсан богдын шарилыг тухайн үед Нарангийн энгэрт залсан бөгөөд цөвүүн цаг тул их хүний шарилыг дараа аятай цаг ирмэгц олж залах санаагаар дээр нь Галя хэмээсэн нэр бичсэн гэлцэнэ. Ардчилсан хувьсгалын дараа Гандан хийдийн лам нар, бас бус хүмүүсийн хамтаар хоёр ч удаа эрэл хийгээд олоогүй гэдэг” хэмээн судлаачид тэмдэглэжээ.

Монгол улсын Үндэсний Төв Архивт хадгалж буй XVIII-XX зууны эхэн үед холбогдох дээрх түүхэн эх баримтаас үзэхэд:

  1. Монголчууд шарын шашны тэргүүн болон хутагт хувилгаад ихэс дээдсийг жанч халсны дараа лагшинг занданшуулан сахиус шүтээн болгон сүм хийдэд залдаг байжээ. Халхын Богд Жавзандамба хутагтын шарилын сүм, суварга үйлдэн, үүрд шилжүүлэхгүй болгож, тахин шүтэх ёсон тэртээ XVIII зуунаас /1788 оноос/ тогтож, өнөөг хүртэл уламжлагдан иржээ.
  2. Хутагт, хувилгаан нарын лаигшин, суваргыг бурхан шүтээн бүхий газар бурхан бодисад, хутагт хувилгаадын адис жанлавыг оршоох тухайтад босгож хутагт хувилгаадын лагшинг оршоож нийтээр тахин шүтдэг байсан байна.
  3. Халхын шарын шашны тэргүүн VIII Богд болон түүний өмнөх дүрүүдийг жанч халсны дараа лагшинг хийд орны газар болон суварга шүтээн босгон тахин дээдлэх тухайтад заавал төр засгийн шийдвэрүүд гарч төр ёсны хэмжээнд хүндэтгэл үзүүлж байжээ. Энэ нь нийт Монголын ард түмэн амар амгалан оршин байхын ерөөл авшиг хүртээж буй хэрэг ажээ.

Г.Идэрмаа

(МУИС-ийн докторант)

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy