Монголчуудын оршуулгын зан үйлийн чандарлан оршуулах хэлбэрийн тухай

Монголчууд бурхан болооч нараа нутаглуулахдаа булж оршуулах, чандарлах, онголох, бунхлах, занданшуулах, ил тавих зэрэг хэлбэрүүдээр оршуулж ирсэн түүхтэй.

Дээрх хэлбэрүүдээс Монголчуудын оршуулгын зан үйлийн чандарлах хэлбэрийн уламжлал шинэчлэлийн уялдаа холбоо, чандарлах аргын хувьсал өөрчлөлтийн асуудал судлаачдын анхаарлыг татсан чухал сэдвийн нэг юм.

Монголын түүхийн эх сурвалжаас үзэхэд язгууртан ноёд, ихэс дээдэс, буддын шашны лам хуврага, бөө, зад баригч хүнийг нас барсны дараа шарилыг чандарлах зан үйлээр үйлдэж чандарыг сүм дуганд залах, адис жанлав бүхий ууланд өргөх, суврага шүтээн үйлдэж байжээ. Зарим баримтуудаас ишлэн дурдвал:

Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрмийн Шороон бумбагарын Бунханы дотор нас барагчийг оршоосон авсны толгой талыг хойт зүгт хандуулан тавьсан байдаг. Уг авсны дотор 80 см урт, 35 см өргөн модон хайрцаг буй бөгөөд тэрхүү жижиг модон хайрцгийг цэвэрлэж үзвэл, дотор нь торгон уутанд хийсэн нас барагчийн чандар байв. Энэ дурсгал нь эртний нүүдэлчдийн чандарлан оршуулах зан үйлийн дурсгал болох нь тодорхой болсон байна. Улаан хэрмийн Шороон бумбагарын холбогдох он цагийг МЭVII зууны II хагаст хамаарна хэмээн тогтоожээ.

Зураг 1. Улаан хэрмийн Шороон бумбагарын үүдний хэсэг. © Эртний нүүдэлчдийн Бунхант булшны малтлага судалгаа. 2013

Мөн Их Монгол улсын Нийслэл Хархорум хотын ойролцоох Маамуу толгой хэмээх газраас малтан шинжилсэн XIV зууны үед холбогдох монголчуудын оршуулгын дурсгалаас чандарлан оршуулсан ул мөр илэрчээ. Энэ бол Их Монгол улс, Монголын Эзэнт гүрний үеийн хойлгын зан үйлд чандарлах хэлбэр байсныг харуулах нэгэн баримт юм.

Зураг 2. Маамуу толгойн оршуулгын гар зураг. © Г.Мэнэс, Д.Баяр

Чингис хааны Алтан ургийн язгууртан, Халхын Сэцэн хаан Шолой 1652 онд нас барахад биеийг чандарлан Алтан суврага бүтээж, тайлга, тахилгын ёслолыг ХХ зууны эхэн хүртэл гүйцэтгэж байсан юм. Энэ тухай Сэцэн хаан Шолойн “Өмч хуваасан тэмдэглэл” хэмээх сурвалжид Сэцэн хаан өөд болсны дараа шарилыг хайлж, галд эс шатсан нэгэн гарын шууны ясыг алтан суварганд залж, үүнийг эцгийн голомтыг хүлээлгэсэн хөвгүүн тахиж явбаас зохимой хэмээн Ананд далай жонон надад өгч тахиулсан буй гэж бичжээ.

Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт засгийн хошууны хувилгаан лам IV дүрийн Ловон ширээт бээр 1933 оны хавар жанч халахад шарилыг өөрийнх нь зууханд хайлж, чандарыг одоогийн Монгол улсын Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг дахь Мөнгөн ууланд өргөжээ.

Монголын түүх, соёл, өдөр тутмын амьдрал ахуй, уламжлалаас харахад нас барсан хүнийг чандарлан оршуулах явдал эртнээс улбаатай бөгөөд өнөөг хүртэл уламжлан иржээ.

 

Эх сурвалж: Г.Идэрмаа. Монголчуудын хойлгын зан үйл. Боть 2.

Улаанбаатар, 2019. т.151-173

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy