Хулгана жилийн “Ханш нээх өдөр”
XVII жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн “Ханш нээх өдөр” нь 2020 оны 04-р сарын 04-ний өдөр буюу Билгийн тооллын 11, Хаврын дунд шарагчин туулай сарын есөн улаан улаагчин үхэр өдөр тохиож байна.
Ханш нээх өдөр нь хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондох хугацаа буюу өвлийн туйлын 108 хоногийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ханш нээх өдөр нь хаврын уур орох өдрийн өмнөх арван таван хоногийг хэлдэг. Хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг учиртай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Тиймээс Монголчууд энэ өдөр БУЯН ХИЙЖ, НОМ ХУРУУЛСНААР хийсэн буян арвижин дэлгэрэх эрүүл саруул эд баялгаар арвин байна гэж бэлэгшээдэг аж.
Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг ажээ. Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өв ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байжээ.
Ханш нээх цагаар малчид морь, сувай гүүнийхээ дэлийг авч засахаас гадна дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг. Тийм ч учраас унаганд нь уяашуулж, дааганд нь давтуул, шүдлэнд нь шүттүгэй, хязааланд нь хөнгөлж өднөөс хөнгөн сумнаас хурдан, хүлэг болтугай хэмээн ерөөдөг байна. Мөн хонь малынхаа хашаа хороог сэргээж, ямааныхаа ноолуурыг самнаж эхэлдэг ажээ.
Харин Хятадууд 2500 гаруй жилийн өмнөөс ханш нээх өдрийг үндэсний баярын өдөр болгон тэмдэглэсээр иржээ. Ханш нээх өдрөөр Хятадууд өвөг дээдсийнхээ шарил онгоныг хүндэтгэж, цэвэрлэн ариутгаж ёслол үйлддэг байна.Нэрний хувьд Хятадын Хан Ши гэдэг хаан байж. Тэр хаан энэ улирал эхлэхээр газар гэсэж, тариалан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол хийдэг байсан учраас энэ улирлыг уг хааны нэрээр Ханши хэмээн нэрлэх болжээ.Ханшийн баярын үүсэл гарал нь Хятадын эртний ноёд түшмэд өвөг дээдсийнхээ шарил дээр очиж тахил өргөдөг байснаас үүдэлтэй аж. Үүнээс уламжлан ард иргэд өвөг дээдсийнхээ шарил дээр очиж хүндэтгэл илэрхийлэн тахил өргөдөг болжээ.
Leave a Reply