“Ханш” гэдэг ээлтэй сайн гэсэн утгатай

Жил бүрийн дөрөвдүгээр сард ханш нээгдэж, ичэгсэд хөдөлж, аливаа амьтан ичээнээсээ гардаг. Энэ өдрийн талаар шашин судлаач Ж.Хоролсүрэнтэй ярилцлаа.

-Ханш нээх өдөр нь ямар утга учиртай вэ?

-Энэ нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь юм. Бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны, хаврын дунд үед тохиодог бөгөөд аргын буюу нарны зурхайн ёсны дөрөвдүгээр сарын 5-6-ны өдөр тохиодог.

-Энэ өдөр ямар зан үйлийг үйлддэг бол?

-Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Энэ улирал эхэлмэгц огторгуйн тоос арилан цэлмэж, солонго анх удаа татаж, морин хараацай шувуу ирнэ. Мөн амьд байгалийн амьдрал сэргэн, хорхой шавьж хөдөлж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтэнэ. Дорно зүгийн ард түмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн билэгшээн дээдэлж, өвөг дээдсийнхээ шарил онгоныг хүндэтгэн тахиж, зул өргөж, буян үйлддэг заншилтай. Ханш нээх өдөр ямар ч хүйтэн байлаа гэсэн булгийн ус оргилж, голын мөс ханзарч халиа гүйнэ. Малчид адууныхаа дэлийг засаж, үрээгээ хөнгөлж, малынхаа хашаа саравчийг янзлан, ямаагаа самнана. Cop ноолуур нь хөдөлсөн байдаг тул үүнээс хойш үслэг ан агнахыг цээрлэдэг байжээ.

-Зул өргөх нь ямар утгыг илэрхийлдэг бол. Үүний ач буян нь юу вэ?

-Зул нь гэрэл гэгээ, гал, хүч, дулаан гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд буддын шашны тахилын зан үйлд чухал байр суурь эзэлдэг. Зулыг билиг ухааны билэг тэмдэг болгон тахилд өргөдөг. Өөрөөр хэлбэл, мунхаг муу сэтгэлийг арилган таслах гэрэл гэгээ хэмээн билэгдэн, өргөдөг юм. Мөн зовлон бүхнийг гаргагч үндэс шалтгаан нь муу сэтгэл учраас үүнийг арилгах нь нэн чухал болохыг эртний судар, шастирт тэмдэглэсэн байдаг. Тиймээс Монголчууд эрт дээр үеэс орой бүр зул өргөн, тахил үйлддэг болжээ.

-Ханш нээх өдрийг хятадуудын уламжлал гэж ярих нь бий?

-Хэдийгээр ханш нээх өдрийг Хятад ёс гэх боловч Монголчууд эрт дээр үеэс энэ ёсыг дагаж заншил болгож ирсэн билээ. Иймээс ч ханш нээх өдрийг хүлээж буян ном үйлддэг уламжлал тогтсон. Хятадууд ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн билэгшээж өвөг дээдсийнхээ шарил, онгоныг хүндэтгэн тахидаг заншилтай.

-Мөн энэ өдрийн цаг агаар, байдлыг шинжиж зун, намрын өнгийг тодорхойлдог гэсэн?

-Ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж, тааламжгүй болно хэмээн үздэг. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг. Харин шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Мөн хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал, зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг.

Эх сурвалж: www.gogo.mn  Э.Энхцолмон

 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy