Эрдэм шинжилгээний дөрөвдүгээр хурал зохион байгууллаа.
“Монголчуудын оршуулгын зан үйл: УЛАМЖЛАЛ-ОРЧИН ҮЕ, ЧИГ ХАНДЛАГА”
Монголын “Буяны зан үйлийн холбоо” ТББ, МУИС-ийн Түүхийн тэнхим, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран 2023 оны 9 сарын 4-ний өдөр “Монголчуудын хойлгын зан үйл: уламжлал-орчин үе-чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний дөрөвдүгээр хурлыг зохион байгуулж байна.
“Буяны зан үйлийн холбоо” ТББ нь 2018, 2019, 2022 онд “Монголчуудын хойлгын зан үйл: уламжлал-орчин үе-чиг хандлага” эрдэм шинжилгээний гурван удаагийн хурлыг амжилттай зохион байгуулж, хурлын илтгэлүүдийг “Монголчуудын хойлгын зан үйл-I” (2018), “Монголчуудын хойлгын зан үйл-II” (2019), “Монголчуудын хойлгын зан үйл-IV” (2023) нэрээр ном болгон хэвлэж, олон нийтийн хүртээл болгосон юм.
Эрдэм шинжилгээний дөрөвдүгээр хуралд “Буяны зан үйлийн холбоо”ТББ, МУИС-ийн Түүхийн тэнхим, Археологи-Антропологийн тэнхим, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Шинжлэх Ухааны Академийн Түүх-Угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, БСШУЯ-ний харьяа Соёлын өвийн Үндэсний төв зэрэг байгууллагын эрдэмтэн, судлаачид, багш, мэргэжилтэн нар оролцож байгаа нь тус хурлын чанар, цар хүрээг илтгэнэ
Энэ удаагийн хурлын онцлог нь монголчуудын эрт, дунд болон орчин үеийн оршуулгын зан үйлийг цогц байдлаар авч үзэж, хувирал, өөрчлөлт, өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны олон салбарын үүднээс судлан шинжилж, судалгааны үр дүнг олон нийтийн хүртээл болгож буйд оршино.
Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэлүүд монголчуудын оршуулгын зан үйл бол нүүдэлчдийн ахуй амьдралын онцлогыг илэрхийлэх өвөрмөц соёлын нэг болохыг батлан харуулж байна. Хурлын үр дүнд монголчуудын оршуулгын зан үйлийг шинжлэх ухааны үндэстэй судлан шинжилж, дэлхий нийтийн чиг хандлага, үндэсний өвөрмөц онцлогтой уялдуулан тус салбарын цаашдын үйл ажиллагааны зөв чиглэл, үйлчилгээг сайжруулах арга замыг тодорхойлох юм.
Leave a Reply